Малчдын манлайлсан байгаль хамгааллыг дэмжих
Нутгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх замаар экологийн хувьд чухал ач холбогдолтой газар нутгийг хамгаалах нь
Малчдын манлайлал бүхий бэлчээр нутгийн байгаль хамгаалал нь энэхүү экосистемийг урт хугацаанд хамгаалахад чухал ач холбогдолтой.
Манай улс нүүдэлчин соёлыг хадгалж үлдсэн хамгийн сүүлчийн улс орны нэг бөгөөд нийт газар нутгийн маань 80 хувийг бэлчээр эзэлдэг. Тэгвэл бэлчээрийн даац хэтрэх, сүргийн бүтэц алдагдах, бүтээн байгуулалтаас улбаатай бэлчээрийн хэмжээ хумигдах, бэлчээр ашиглах бодлого журам дутмаг, 1000 малтай малчин өрхөд шагнал урамшуулал олгож ирсэн тогтолцоо болон малын экспорт буурсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан манай улс бэлчээрийн доройтолд орж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд малчид мал сүргээ тууштай өсгөж, 2019 онд 70.9 саяд хүргэсэн нь бэлчээрийн даацаас 2.4 дахин хэтэрсэн үзүүлэлт байв. Энэ нь бэлчээрийн нөөцийг шавхаад зогсохгүй, мал сүрэг болоод малчин өрхийн амьжиргааг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт өртөмтгий болгож байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд ноолуурын эрэлтээс шалтгаалж сүргийн бүтэц дэх ямааны эзлэх хувь хоёр дахин нэмэгдсэн байна.
Энэ хугацаанд махны экспорт буурсан нь мал эмнэлгийн үйлчилгээний хөгжил сул, малын гоц халдварт өвчин, мал, мах бэлтгэлийн тогтолцоо сайн хөгжөөгүй, зах зээл дэх ханшийн савлагаа, махны нөөц бүрдүүлэх эргэлтийн хөрөнгө хомс зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Түүнчлэн малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, борлуулахаас илүүтэй өсгөдөг болсноор малын тоо толгой өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг чадавхжуулах нь: Нөхөрлөлийн хүчээр бэлчээрийг хамгаалах тогтвортой арга зам
TNC байгууллага нь малчид нэгдэн нийлж, байгалийн нөөцийн хамтын менежмент (БНХМ)-ийн нөхөрлөл байгуулах явдлыг дэмжиж, мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаанд ач холбогдол өгч, улмаар тэдний байгальд ээлтэй уламжлалт мал аж ахуйн өргөн мэдлэгийг нь түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
TNC нь малчдын орлогын эх үүсвэрийг солонгоруулж, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар малчдын нөхөрлөлийг дэмжин ажиллаж байна.
TNC байгууллага нь байгаль орчныг хамгаалах тухай хуулинд 2012 онд орсон нэмэлт өөрчлөлтийг үндэслэл болгож малчдын БНХМ-ийн нөхөрлөлөөр дамжуулан, малчдад нийтийн эзэмшлийн бэлчээрийг зохицуулалттай ашиглах эрхийг нь баталгаажуулсан юм.
Энэхүү арга нь бэлчээрийн нөөцийг хамтран ашиглах соёл уламжлалыг сэргээх, бэлчээрийн уламжлалт, тогтвортой практикт түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээр ашиглалтын зохицуулалтыг сайжруулах замаар дарамт болж буй нөлөөллийг бууруулах, тухайн газар нутгийг хамгаалахад чиглэсэн малчдын санаачилгыг дэмжих зорилготой юм.
Quote: Н.Нямдаваа
Малчид орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн нийлж байна
TNC байгууллага нь нутгийн иргэдийн эрхийг хамгаалахын тулд БНХМ-ийн нөхөрлөлүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж байна. Эдгээр нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд нөхөрлөлүүдийн холбоог байгуулсан. Нийт 8 нөхөрлөлийн холбоо байгуулагдсан байгаа бөгөөд холбооны зорилго нь малчдыг шийдвэр гаргахад нь туслах, томоохон бэлчээр нутгийн менежментийг зохицуулах, хамтран суралцах, нэгдсэн үйл ажиллагааг дэмжих юм. Одоогоор нийт 281 БНХМ-ийн нөхөрлөл байгуулагдаж, 5400 өрх, 7.4 сая га талбайд байгаль хамгаалах менежмент хийж буй.
Төслийн гол үр дүн
2023 оны 12-р сарын байдлаар, 7.4 сая гаруй га газрын хамгааллыг хариуцаж буй 5329 малчин өрхийг хамруулсан 281 нөхөрлөл байгуулсан.
-
281
нөхөрлөл байгуулсан.
-
5329
малчин өрхийг хамруулсан.
-
7.4
сая гаруй га газрыг малчид хамгаалж байна.
Малчдад орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор тэдний санаачилгыг дэмжин Ховд аймагт эко-аялал жуулчлалын хоёр бааз, Хэнтий аймагт арьс шир боловсруулах жижиг үйлдвэр, зөгийн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Түүнчлэн тодорхой бүс нутгуудад "Нөхөрлөлийн дундын хуримтлалын сан"-г байгуулж сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, арвижуулахад анхаарч байна. Одоогоор 10 нөхөрлөлийн 99 өрхийн 136 гишүүнийг мал аж ахуйн менежментийн сургалтад хамруулж мөн гурван бүс нутгийн 18 нөхөрлөлийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдэд манлайлал, санхүүгийн сургалт тус тус зохион байгуулсан.
Нөхөрлөлийн дундын хуримтлалын сангийн гол зорилго нь орон нутгийн иргэдийг санхүүгийн үндсэн үйлчилгээнүүдэд хамруулах, тэдний бизнес эрхлэлт, эв нэгдлийг дэмжих замаар эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд оршино. Үүний үр дүнд санхүүгийн хүртээмж, зохих эрх мэдлийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх, орлоготой болгох, нийгмийн эв нэгдлийг сайжруулах боломж бүрдэх бөгөөд малчин иргэдийн орлого нэмэгдсэнээр бэлчээрийн менежмент сайжирч, тал хээрийн экосистем илүү тогтвортойгоор хамгаалагдах юм.