Монгол Улсын хэмжээнд 240,000 малчин өрх сар орчим үргэлжилсэн гэнэтийн хүйтрэл, цас, салхи шуурга хавсарсан зудын гамшигт өртөж, үр дүнд нь 3.9 сая гаруй мал хорогдоод байна (2024 оны 3 сарын 14-ны байдлаар).
Цасан шуурга нийт газар нутгийн 80 хувийг хамарч, 60 хувьд нь ихээр тогтсон энэ үеэр малчид хүн хүчгүйн бэрхшээлийг давхар амсаж, цас мөсөнд хучигдсан бэлчээрээ хэзээ ханзарч харагдахыг мэдэхгүй хүнд нөхцөлд байгаа юм.
Тэгвэл цаг уурын хүндрэлийг хохирол багатай туулж буй Хэнтий аймгийн Норовлин сумын малчин Т.Дашзэвэг зудын эрсдэл, үр нөлөөг бууруулах боломжуудыг олж харснаа ийнхүү ярилаа.
Тэрээр хотод аялал жуулчлалын удирдлагын мэргэжлээр төгсөөд 2009 оноос хойш аймагтаа малчин ахуйгаар амьдрах болсон нэгэн. Арван жилийн дараа малаа мянгад хүргэж, ам бүлээ ч өнөр өтгөн болгож, нутагтаа “Аравт” багийн даргаар сонгогджээ.
Норовлин суманд 2018 онд хээрийн хэмжилт судалгаа хийгдэхэд нийт нутаг дэвсгэр 39 хувь нь элэгдэл эвдрэлд орсон дүн гарч, үүнээс 6.6 нь ихээр талхлагдсан, 2.5 хувь нь дунд зэргийн талхагдалд орсон гэнэ.
Гурван жилийн өмнөөс сумын газар дээр отрын нүүдэл ч нэмэгдэж ирсэн тул Т.Дашзэвэг багийн гишүүдтэйгээ газар нутаг, бэлчээрээ хамгаалах асуудлаар ярьж эхэлжээ. Ингээд 2021 онд Дэ Нэйче Консерванси олон улсын байгаль хамгааллын байгууллагын “Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал” төслийн мэргэжилтнээс байгалийн нөөцийн хамтын менежментийн тухай хууль эрх зүйн мэдлэг олж авсан байна.
Монголын байгалийн хамгийн түгээмэл нөөц болох бэлчээрийг зохистой ашиглах талаар мэдлэг ойлголттой болсон тэрээр 12 малчин өрхийг төлөөлсөн Сонор нөхөрлөлийг байгуулж, байгаль хамгаалахад орон нутгийн ард иргэдийн зайлшгүй гүйцэтгэх үүрэг болохыг хүлээн зөвшөөрүүлэх ажлыг эхлүүлжээ.
“Малчид бидэнд газар нутагтаа эзэн байна гэдэг нь хамгийн ойр ажил. Манай Норовлин сумын хувьд байгаль орчноо хамгаалж, бэлчээрээ нөхөн сэргээхэд багагүй анхаарч, уламжлалаа хадгалан өвөлжөө хаваржааны нүүдлээ хийсээр ирсэн. Тэгсний хүчинд бидний бэлчээр сэргэг, олон зүйл ургамалтайгаа байсаар байна.” хэмээн тэрээр өгүүлж байна.
Норовлин сумын нутагт жилийн 200-220 хоногт хасах хэмтэй хүйтэн байдаг. Ойт хээр, хуурай хээр зонхилсон тус сумын нийт бэлчээрийн газрын 48.9 хувь буюу 267,751.9 га талбайг цэвэр бэлчээр эзэлдэг тухай тус сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд дурджээ. Сумын нийт газар нутаг, төв хэсгээр дунджаар 21см зузаантай уулын хар хүрэн хөрс, Улз голын хөндийн нам уулсаар болон, сумын урд хэсгээр хүрэн хөрс зонхилдог тул бэлчээрт хамгийн ихээр тохирдог байна.
Нутгийн иргэд бэлчээрээ доройтлоос хамгаалснаар өвөл, хаврын цагт ч өвс ургамал үлдэцтэй байдаг нь зудын эрсдэлийг даван туулахад тусалдаг тухай олон улсын байгууллагын мэргэжилтэн Б.Ганхуяг хэлж байна.
Quote: Б.Ганхуяг
Хэнтий аймаг нь байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд нэвтрүүлсэн таван аймгийн нэг аж. Өдгөө тус аймгийн 9 суманд 90 гаруй нөхөрлөлүүд ажиллаж байгаа нь бэлчээрээ зохистой удирдахад малчдын оролцоо, манлайллыг үүсгэж байна. Харин улсын хэмжээнд 5 аймгийн 28 сумдад 5600 гаруй малчин өрхүүд байгалийн нөөцийн хамтын менежментийн 281 нөхөрлөлүүд байгуулагдсан байна.
“Өнөө жилийн хувьд отор нүүдэл ихээр орж байгаа. Зэргэлдээх сумуудаас бүр маш ихээр орж ирсэн. Бид нөхөрлөлийн шугамаараа оторчдод шаардлага тавьж эхэлсэн нь тэдэнд ч бас шинэ, сургамжтай зүйл болж байна. Бид отрын малчидтай гэрээ хийж, бэлчээр ашиглалтад хандив авч эхэлсэн. Нэг малчин өрх 1-2 сая төгрөгийн хооронд хандив өгдөг, тэр маань багийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль хамгаалах ажилд зарцуулагдах санд ордог” гэж нөхөрлөлийн ахлагч хуваалцав.
Quote: Т.Дашзэвэг
Бэлчээр хамгаалахаас гадна Сонор нөхөрлөл болон сумын багийнхан хамтаараа газар нутгаа хулгайн анчдаас хамгаалж багагүй тэмцдэг байна.
Нөхөрлөлийн ахлагч “Манай нутагт тарвага, зээр олонтой. Хулгайн ан сүүлийн жилүүдэд нэмэгдэж, өдөр бүр л хэн нэгэнтэй таарах болсон. Баяр наадмын үеэр ан ав огцом нэмэгддэг. Заримдаа бид буутай танихгүй хүний өөдөөс шууд явж очдог, шалгааж асуудаг. Цаашид бид дрон камер ашиглахаар шийдээд байна. Нутгийн иргэд бол бүгд л байгаль хамгаалагчид шүү дээ” хэмээн хойшдын төлөвлөгөөгөө ч бидэнтэй хуваалцав.
“Өнө Мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр цаашид малчдын нөхөрлөлийн сайн туршлагуудыг дэмжиж, 34 сая га газрыг хамтын менежментээр хамгаалах зорилго тавьжээ.