Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран Байгаль хамгааллын итгэлцлийн санг байгуулах гэж буй талаар олон нийтэд зарлаж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогын хүрээнд байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, түүнийг удирдан зохицуулах мөн байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль хамгааллын итгэлцлийн санг олон улсын байгууллагуудтай хамтран үүсгэн байгуулах гэж байгаагаа Эдийн засгийн форумын үеэр зарлалаа.
Quote: Б.Бат-Эрдэнэ
“Байгаль хамгааллын итгэлцийн сан нь “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030”, “Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудад хүрэхэд мөн түлхэц үзүүлэх юм” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мөн онцолсон юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн судалгаанаас харахад байгаль хамгаалах нийт зардлын 44,4% нь улсын төсвөөс, үлдсэн 55,6%-г олон улсын хандив, тусламжаас бүрдэж байна. Тухайлбал, улсын тусгай хамгаалалттай газруудын санхүүжилтийн дийлэнх буюу 80% орчмыг нь цалин болон бусад урсгал зардал эзэлж байгаа бөгөөд байгаль хамгааллын менежментийн арга хэмжээнд зардал хүрэлцдэггүй хэвээр байгаа юм. Иймд хоёр болон олон талт хандивлагчид, хувийн сангууд, хувийн компаниудын хандив, улсын төсөв, хөрөнгө оруулалтын орлого, санхүүгийн механизмын орлого гэх мэт олон төрлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдээс санхүүжилт босгон түүнийг зохистой удирдан зарцуулах хэрэгцээ шаардлагын хүрээнд Байгаль хамгааллын итгэлцлийн санг байгуулах болсон юм.
Quote: Жефри Парриш
Байгаль хамгаалах итгэлцлийн сан нь сүүлийн 20 гаруй жилийн турш олон улсад маш эрчимтэй хөгжиж байна. Олон улсад нийт 108 итгэлцлийн сан байгуулагдсанаас 60 гаруй сангийн үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон бөгөөд нийт 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг юм.
Монгол Улсын байгаль хамгааллын итгэлцлийн сан нь олон улсын сайн туршлагын дагуу ил тод, ижил тэгш байдлаар байгаль хамгааллын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан хяналт мониторинг хийх, техникийн болон аудитын санхүүгийн тайлан боловсруулах, мөн байгаль хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх санхүүгийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх зэрэг боломжуудыг олгосон нарийн тодорхой бодлого, журам баримтлан ажиллана. Тус сан нь байгаль хамгаалах чиглэлээр Монгол Улсын төрийн бодлого, амлалтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгаль хамгааллын төсөл хэрэгжүүлэгчдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс дахь бие даасан, хараат бус, байнгын сан байх зорилготой юм.
Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь Монгол Улсын засгийн газар болоод ТNC байгууллагын хамтран хэрэгжүүлэх Өнө Мөнхийн Монгол буюу Байгаль хамгааллын байнгын санхүүжилт санаачилгын гол бүрэлдэхүүн юм. Мөн энэхүү санг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Байгаль, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Биологийн олон янз байдлын сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (БИОФИН) төсөл болоод байгаль хамгааллын бусад төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, Сангийн яам, Монгол банк зэрэг төрийн байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байна.
Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь бие даасан, төрийн бус, ашгийн бус хуулийн этгээд бөгөөд байгаль хамгааллын санхүүжилтийг босгон, түүнийг зохистой удирдаж, улмаар биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг дэмжсэн байгаль хамгааллын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдаж байна. Энэхүү сан нь засгийн газар, хувийн хэвшил, ТББ, олон нийтийн төлөөлөл зэрэг олон оролцогч талуудыг өөрсдийн удирдлагын тогтолцоонд нэгтгэж буй юм.